Езекиел 36:5-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлдсан. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсдөдөө өмч болгон авсан юм».

6. Тиймийн тул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ”.

7. Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд өөрсдийн ичгүүрийг заавал үүрэх болно гэж Би тангарагласан.

8. Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.

9. Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан, тариалагдах болно.

10. Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно.

11. Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

12. Тийм ээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй”.

13. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Тэд чамд «Чи бол хүмүүсийг залгигч бөгөөд өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаасан» хэмээн өгүүлсэн учраас,

14. тиймийн тул чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаахгүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэжээ.

16. Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—

17. Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.

18. Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ.

19. Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв.

20. Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав” хэмээн яригдсан.

21. Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.

22. Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм.

23. Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24. «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.

Езекиел 36