4. Тэдний нэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд болон охидыг төрүүлэв. Тэдний нэрсийн хувьд гэвэл, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
5. Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав.
6. Тэд нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагчид хийгээд түшмэд нь, тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.
7. Тэр эм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав.
8. Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.
9. Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.
10. Тэд түүний нүцгэнийг дэлгэсэн. Тэд түүний хөвгүүд, охидыг авч, харин түүнийг илдээр алав. Ийнхүү тэр эмэгтэйчүүдийн дунд зүйр үг болж, тэд түүнд шүүлтийг буулгав.
11. Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв.
12. Тэр ассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.
13. Тэр эм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав.
14. Тэгээд тэр өөрийн садар самуун явдлыг улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан Халдеи хүмүүсийн хөргүүдийг тэр үзэв.
15. Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав.
16. Тэр эм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.