Езекиел 21:10-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж,цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв.Миний хүүгийн таяг нь мод бүрийг жигшиж байна. Бид баясах юм уу?

11. Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.

12. Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.

13. Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

14. «Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.

15. Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.

16. Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.

17. Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.

18. ЭЗЭНий үг надад ирж,—

19. Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.

20. Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.

21. Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна.

22. “Иерусалим уруу” гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна.

Езекиел 21