1. ЭЗЭНий үг надад ирж,—
2. Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.
3. Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.
4. Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.
5. Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй»”.
6. Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.
7. Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээн өгүүлбэл, чи “Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв.
8. Дахиад ЭЗЭНий үг надад ирж,
9. «Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл.Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.
10. Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж,цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв.Миний хүүгийн таяг нь мод бүрийг жигшиж байна. Бид баясах юм уу?
11. Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
12. Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.
13. Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
14. «Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.
15. Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.
16. Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.
17. Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.
18. ЭЗЭНий үг надад ирж,—
19. Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.