Еврей 11:12-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тиймд мөн нэгэн эрээс, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй олон үрс заяажээ.

13. Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ.

14. Учир нь тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг.

15. Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан.

16. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь Тэр тэдний төлөө хотыг бэлджээ.

17. Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.

18. Энэ нь түүнд “Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ” гэж айлдсан хүү нь байлаа.

19. Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм.

20. Итгэлээр Исаак ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ.

21. Итгэлээр, Иаков нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм.

22. Итгэлээр, Иосеф нас барж байхдаа Израилийн хөвгүүд дүрвэх тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг гэрээсэлсэн билээ.

23. Итгэлээр, Мосе төрөхөд түүнийг эцэг эх нь гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг харж, хааны зарлигаас айгаагүй.

24. Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.

25. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.

26. Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа.

27. Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.

28. Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм.

29. Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив.

30. Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ.

31. Итгэлээр, янхан эм Рахаб туршуулуудыг амар тайван зочилсны дараа дуулгаваргүй хүмүүстэй хамт амь үрэгдээгүй юм.

Еврей 11