Эхлэл 9:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн—

9. Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,

10. бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.

11. Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.

12. Бурхан—Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой.

13. Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно.

14. Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад,

15. Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй.

16. Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.

17. Бурхан Ноад—Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

18. Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.

19. Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

20. Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.

Эхлэл 9