Эхлэл 7:10-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.

11. Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

12. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.

13. Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.

14. Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,

15. амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

16. Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ.

17. Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв.

18. Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв.

19. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.

20. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.

21. Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.

Эхлэл 7