Эхлэл 47:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг худалдаж аваад, Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Тэгээд газар Фараоных болжээ.

21. Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг хотууд уруу нүүлгэн шилжүүлжээ.

22. Харин зөвхөн тахилчдын газрыг л худалдаж авсангүй. Учир нь тахилчид Фараонаас хувь хүртдэг, Фараонаас өгдөг хишиг хувиар хооллодог тул газраа худалдсангүй.

23. Иосеф ард түмэнд хандаж—Би өнөөдөр та нарыг болон та нарын газрыг Фараоны төлөө худалдаж авсан юм. Энд үр тариа байна. Та нар түүнийг газартаа тарьцгаа!

24. Та нар ургацаа хурааж, тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь өөрсдөдөө авч, талбайд тарих үр ба өөрсөддөө болон гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ өгөх хоол хүнс болгон хэрэглэцгээ! гэсэнд

25. тэд—Та бидний амийг аварлаа. Бид эзэн таны таалалд багтах болтугай! Бид Фараоны боол болцгооё гэлээ.

26. Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.

27. Израильчууд Египетийн Гошен газарт нутаглан сууж, тэр газрыг өмчлөн, өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болцгоов.

28. Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, зуун дөчин долоо насалжээ.

29. Израилийн үхэх цаг нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд хандан—Би одоо чиний тааллыг авсан бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай!

30. Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф—Би таны хэлсэн ёсоор хийнэ гэж хэлэв.

31. Иаков—Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойд сөгдөн мөргөв.

Эхлэл 47