Эхлэл 47:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэр жил өнгөрч, дараачийн жил нь болоход хүмүүс Иосефт ирж—Мөнгөө бүгдийг нь дуусгаснаа бид танаас нуухгүй. Мөн мал сүрэг маань бүгд эзэн таных. Бидний бие болон газар нутгаас маань өөр эзэн танд өгөх юм юу ч үлдсэнгүй.

19. Бид ч газар нутагтайгаа эзэн таны өмнө яагаад үхэх ёстой юм бэ? Бидний биеийг болон газар нутгийг маань хоол хүнсээр худалдаж ав! Бид газар нутагтайгаа хамт Фараоны боол зарц болцгооё. Бидэнд үр тариа хайрлаач. Тэгвэл газар нутаг маань ч цөлжихгүй гэв.

20. Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг худалдаж аваад, Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Тэгээд газар Фараоных болжээ.

21. Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг хотууд уруу нүүлгэн шилжүүлжээ.

22. Харин зөвхөн тахилчдын газрыг л худалдаж авсангүй. Учир нь тахилчид Фараонаас хувь хүртдэг, Фараонаас өгдөг хишиг хувиар хооллодог тул газраа худалдсангүй.

23. Иосеф ард түмэнд хандаж—Би өнөөдөр та нарыг болон та нарын газрыг Фараоны төлөө худалдаж авсан юм. Энд үр тариа байна. Та нар түүнийг газартаа тарьцгаа!

Эхлэл 47