13. Ган зудад үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт хоол хүнсгүй болж, Египет болон Канаан нутаг ган зудад үгүйрэн туйлджээ.
14. Иосеф үр тариа худалдаж, Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараоны ордонд авчрав.
15. Египет болон Канаан нутгийнхан мөнгөө дуусгажээ. Египетчүүд бүгдээр Иосефт ирж—Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд хоол хүнс өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд
16. Иосеф—Та нар малаа авчирч өг. Та нарын мөнгө дууссан учир би малын чинь оронд үр тариа өгье гэжээ.
17. Тэгээд тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд хоол хүнс өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ хоол хүнсээр хангав.
18. Тэр жил өнгөрч, дараачийн жил нь болоход хүмүүс Иосефт ирж—Мөнгөө бүгдийг нь дуусгаснаа бид танаас нуухгүй. Мөн мал сүрэг маань бүгд эзэн таных. Бидний бие болон газар нутгаас маань өөр эзэн танд өгөх юм юу ч үлдсэнгүй.
19. Бид ч газар нутагтайгаа эзэн таны өмнө яагаад үхэх ёстой юм бэ? Бидний биеийг болон газар нутгийг маань хоол хүнсээр худалдаж ав! Бид газар нутагтайгаа хамт Фараоны боол зарц болцгооё. Бидэнд үр тариа хайрлаач. Тэгвэл газар нутаг маань ч цөлжихгүй гэв.