10. даамал—Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв.
11. Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд
12. даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжсэнд, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ.
13. Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.
14. Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв.
15. Иосеф тэдэнд хандан—Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.
16. Иуда—Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё гэсэнд
17. Иосеф—Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.
18. Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь—Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.
19. Эзэн минь, та зарц биднээс “Та нар эцэгтэй юу, дүүтэй юу?” гэж асуусанд
20. “Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэн тандаа хэлсэн билээ.
21. Та зарц бидэнд “Түүнийгээ над уруу аваад ир! Би түүнийг чинь үзье” гэж хэлсэн билээ.
22. Тэгэхэд “Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно” гэж бид эзэн танд хэлсэн билээ.