1. Иосеф гэрийн даамалдаа—Тэдний уутыг даацынх нь хирээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутны нь аманд хий!
2. Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд хоол хүнсний мөнгөтэй нь хамт хий! хэмээн тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж,
3. үүр гэгээрэхэд тэр хүмүүсийг болон тэдний илжгийг явуулав.
4. Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж,—Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?
5. Энэ бол миний эзний уудаг аяга, мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь биш гэж үү? Та нар ийнхүү гэм буруутай зүйл хийжээ” гэж хэл хэмээжээ.
6. Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв.
7. Тэд—Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Иймэрхүү зүйл хийх нь биднээс хол байг.
8. Бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахин хулгайлах билээ?
9. Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд
10. даамал—Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв.