Эхлэл 43:4-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна.

5. Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв.

6. Израиль—Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд

7. тэд—Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв.

8. Иуда эцэг Израильдаа—Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно.

9. Би түүнийг бүрэн хариуцна. Та надаас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчран өгөхгүй бол, би таны өмнө үүрд гэмтэн болно.

10. Хэрэв бид хойшлуулаагүй бол бид хэдийн хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.

11. Эцэг Израиль нь тэдэнд хандаж—Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.

12. Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.

13. Бас дүүгээ авч яваад, тэр хүн дээрээ эргэж оч!

14. Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв.

15. Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.

16. Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад, гэрийн даамалдаа—Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үдэд надтай хамт хооллоно гэсэнд

17. даамал Иосефын хэлснийг ёсоор болгож, тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав.

18. Иосефын гэрт тэд хүргэгдсэндээ айцгаан,—Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж, бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж, хүчээр баривчлан, боол болгоод, бидний илжгийг авах гэж байна гэж хэлэв.

19. Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн хаалганы дэргэд түүнд ийнхүү өгүүлэв.—

20. Эзэн минь! Бид хүнс худалдаж авахаар өмнө нь энд ирсэн билээ.

21. Тэгээд буудаллах газраа хүрч очоод, уутныхаа амыг нээсэнд уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Тэгээд бид түүнийг буцааж авчирсан.

22. Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсар уруу мөнгийг маань хэн буцааж хийснийг бид мэдэхгүй гэв.

Эхлэл 43