Эхлэл 43:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Эзэн минь! Бид хүнс худалдаж авахаар өмнө нь энд ирсэн билээ.

21. Тэгээд буудаллах газраа хүрч очоод, уутныхаа амыг нээсэнд уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Тэгээд бид түүнийг буцааж авчирсан.

22. Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсар уруу мөнгийг маань хэн буцааж хийснийг бид мэдэхгүй гэв.

23. Тэрээр—Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд тэр эрдэнэсийг хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд, Симеоныг тэдэнд гаргаж өгөв.

24. Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод, тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж, бас илжгэнд нь тэжээл өгчээ.

25. Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.

26. Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв.

27. Иосеф тэдний амар мэндийг асуугаад,—Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд

28. тэд—Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.

29. Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад,—Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд,—Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.

30. Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав.

31. Тэрээр нүүрээ угааж, гарч ирээд, сэтгэлээ барин,—Хоолоо авчирч тавь гэв.

32. Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирч өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ.

Эхлэл 43