1. Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ.
2. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.
3. Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв.
4. Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ.
5. Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ.
6. Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.
7. Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,—Надтай унтаач хэмээн гуйв.
8. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт—Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир
9. энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.
10. Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй.
11. Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй.
12. Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.
13. Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад,
14. тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж—Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.
15. Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.
16. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.
17. Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж—Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.