8. Иуда Онанд хандаж—Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.
9. Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.
10. Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.
11. Иуда өөрийн бэр Тамарт хандаж—Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.
12. Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.
13. Тамар “Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг сонсоод,
14. тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.
15. Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ.
16. Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир—Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр—Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд
17. тэрээр—Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр—Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ.
18. Иуда—Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр—Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ.
19. Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.
20. Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй.
21. Тэгээд тэрээр тэндхийн хүнээс—Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? хэмээн асуусанд тэд—Энд янхан байгаагүй гэжээ.
22. Тэгээд тэрээр Иуда дээр хүрч ирээд—Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд
23. Иуда—Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.