38. Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.
39. Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.
40. Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.
41. Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.
42. Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.
43. Лабан Иаковт хандаж—Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?
44. Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.
45. Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ.
46. Тэрээр ах дүү нартаа хандаж—Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.
47. Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.
48. Лабан—Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.