Эхлэл 31:10-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв.

11. Бурханы тэнгэр элч зүүдэнд минь—Иаков! хэмээсэнд—Би энд байна гэж би хариулав.—

12. Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.

13. Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.

14. Рахел, Леа хоёр түүнд—Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү?

15. Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.

16. Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.

17. Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж,

18. өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.

19. Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.

20. Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.

21. Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.

22. Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,

23. ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ.

24. Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд—Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.

25. Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.

26. Лабан Иаковт хандаж—Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?

27. Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.

Эхлэл 31