Эхлэл 27:29-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Ард олон чамд зарагдаж,Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!Чи ах дүү нарынхаа эзэн болж,Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж,Чамайг хараасан нь хараалд идэгдэж,Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.

30. Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаа буцаж ирээд,

31. амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад,—Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адислана уу? гэжээ.

32. Эцэг Исаак нь—Чи хэн бэ? гэж түүнээс асуухад—Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ.

33. Исаак ихэд цочирдон—Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.

34. Есав эцгийнхээ үгийг сонсоод, бархиран уйлж, эцэгтээ—Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! гэсэнд

35. Исаак—Чиний дүү залилан ирж, чиний ерөөлийг авчихжээ гэж хэлсэнд

36. Есав—Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд—Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд

37. Исаак Есавд хариулж,—Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.

38. Есав эцэгтээ хандаж—Эцэг минь ээ! Танд ганцхан л ерөөл адис байдаг юм уу? Эцэг минь ээ, намайг ерөөн адислаач. Намайг ч бас тэгээч! гэж хэлээд чангаар уйлав.

39. Түүний эцэг Исаак түүнд хандаж—Чиний суух газар бол газрын баялгаас хол,Тэнгэрийн шүүдрээс хол юм.

40. Чи сэлмээрээ амьдарч,дүүдээ зарагдана.Хэзээ чи уяанаасаа тайлагдана,Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.

41. Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.

42. Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж, дуудан ирүүлээд,—Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна.

43. Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод,

44. ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай.

Эхлэл 27