12. Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.
13. Эх нь түүнд—Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,
14. Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.
15. Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,
16. ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.
17. Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.
18. Иаков эцэг дээрээ очиж,—Аав минь ээ! гэж дуудсанд аав нь—Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд
19. Иаков эцэгтээ хандан—Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд
20. Исаак өөрийн хүүдээ—Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр—Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.
21. Исаак Иаковт хандаж—Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ.
22. Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч—Дуу чинь Иаковын дуу атал, гар чинь Есавын гар байна гээд,
23. түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ.
24. Тэгээд Исаак—Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков—Тийм ээ гэжээ.
25. Исаак—Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ.
26. Тэгээд эцэг Исаак нь—Хүү минь, наашаа дөхөж ирээд, намайг үнс гэхэд
27. Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж,—Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.
28. Бурхан чамд тэнгэрийн шүүдэр,Газрын баялаг,Арвин их үр тариа,Дарс хайрлах болтугай!