29. Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив.
30. Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас—Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.
31. Лабан—Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд
32. нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ.
33. Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн—Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн—Хэл, хэл! гэв.
34. Тэрээр өгүүлрүүн—Би бол Абрахамын зарц.
35. ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм.
36. Миний эзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм.
37. Миний эзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав.
38. Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!” гэсэн билээ.
39. Тэгэхэд нь би эзэндээ “Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?” гэж хэлэхэд,
40. тэрээр надад “Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно.
41. Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно” гэв.
42. Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү!
43. Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба
44. тэрээр надад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж
45. дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд
46. тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа.
47. Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв.