Эхлэл 24:19-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад,—Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.

20. Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав.

21. Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.

22. Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд,—

23. Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд

24. тэрээр—Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд—

25. Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв.

26. Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж,—

27. Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.

28. Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ.

29. Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив.

30. Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас—Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.

31. Лабан—Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд

32. нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ.

33. Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн—Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн—Хэл, хэл! гэв.

Эхлэл 24