Эхлэл 23:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ.

2. Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.

3. Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж—

4. Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ.

5. Хитчүүд Абрахамд хариулсан нь—

6. Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв.

7. Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд бөхийн ёсолж,

8. тэдэнд—Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол, миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж,

9. түүгээр талбайнхаа захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв.

10. Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан—

11. Үгүй ээ, эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье, мөн түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд шарилаа оршуулаарай гэв.

12. Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов.

13. Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд—Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв.

14. Ефрон Абрахамд—

15. Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юу билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв.

Эхлэл 23