Эхлэл 18:21-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.

22. Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.

23. Абрахам ойртон ирж,—Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?

24. Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү?

25. Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.

26. ЭЗЭН—Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд

27. Абрахам—Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.

28. Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд

29. Абрахам дахин—Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэж асуув.—Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.

30. Абрахам—Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд—Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.

31. Абрахам—Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд—Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.

32. Абрахам дахин—Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд—Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.

33. ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.

Эхлэл 18