3. Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий.
4. Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул.
5. Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн.
6. Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь.
7. Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой.
8. Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой.
9. Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга.
10. Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.
11. Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь—
12. Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.
13. Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.
14. Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө.
15. Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй.
16. Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв.