Египетээс Гарсан Нь 26:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.

2. Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.

3. Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой.

4. Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий.

5. Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой.

6. Тавин алтан гархи үйлдэн, уг гархинуудаар бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэгдмэл болно.

7. Дараа нь чи асрын дээгүүр бүтээх майхны арван нэгэн бүрээсийг ямааны хялгасаар хийгтүн.

8. Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой.

9. Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь.

10. Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий.

11. Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.

Египетээс Гарсан Нь 26