1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь—
2. Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав.
3. Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл,
4. хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
5. улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
6. гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,
7. оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.
8. Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.
9. Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.
10. Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.
11. Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.
12. Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.
13. Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.
14. Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.
15. Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.