Египетээс Гарсан Нь 22:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой.

9. Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.

10. Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас

11. хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй.

12. Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой.

13. Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.

14. Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.

15. Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.

16. Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.

17. Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.

18. Удганыг бүү амьд байлга.

19. Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.

20. ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.

21. Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.

Египетээс Гарсан Нь 22