19. дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.
20. Хэрэв хүн өөрийн боол эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой.
21. Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал, ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн.
22. Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ.
23. Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,
24. нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,
25. түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.
26. Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.
27. Мөн хэрэв боол, эсвэл шивэгчнийхээ шүдийг цохиж унагавал шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.
28. Хэрэв эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал, уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн нь шийтгүүлэлгүй явна.
29. Харин хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвэл, уг үхэр уруу чулуу шидэж, бас эзнийг нь ч алах ёстой.
30. Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө.
31. Үхэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүхдийг мөргөвөл энэ хуулийн ёсоор хийнэ.
32. Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой.
33. Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал,
34. нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно.
35. Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой.
36. Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.