8. ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.
9. Фараоны бүх морьд, тэрэгнүүд, түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар египетчүүд израильчуудыг хөөсөөр Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэв.
10. Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав.
11. Тэд Мосед—Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?
12. Бид Египетэд байхдаа “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв.
13. Мосе ард түмэнд—Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.
14. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.
15. ЭЗЭН Мосед—Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.
16. Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.
17. Миний хувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно.