Дэд Хууль 5:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.

14. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа.

15. Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.

16. ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.

17. Чи хүн бүү ал.

18. Чи бүү завхайр.

19. Чи бүү хулгайл.

20. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.

21. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.

22. ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.

23. Уул галд дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон, танай овгуудын тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд

24. “Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ.

25. Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ.

26. Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ?

27. Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье” гэсэн.

28. Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад хандан “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй.

Дэд Хууль 5