26. Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.
27. ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.
28. Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.
29. Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.
30. Энэ бүх зүйл чамд тулгарч, зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.
31. Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.
32. Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь байсан уу? Үүн шиг юмыг урьд өмнө ер нь сонссон уу?
33. Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?
34. ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?
35. ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр ямар ч бурхан байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.
36. ЭЗЭН чамайг зааж сургахын тулд тэнгэрээс Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн бөгөөд тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.
37. Тэр өвөг дээдсийг чинь хайрласан учир тэдний хойч үеийг сонгосон. Тэр чамайг Өөрөө агуу хүчээрээ Египетээс авчирсан нь
38. чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.
39. Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав.
40. Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.
41. Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.
42. Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм.