Дэд Хууль 4:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан. Та нар үг аялгууг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн Түүний дуу хоолойг л сонссон.

13. Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, та нарт даган мөрдүүлэхээр тушаасан. Энэ нь Арван Хууль бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.

14. ЭЗЭН тэр үед та нарт энэ хууль тогтоолуудыг таниулан заахыг надад тушаасан билээ. Энэ нь та нарын эзэмшихээр гатлан очих гэж буй газарт та нараар тэдгээрийг даган мөрдүүлэхийн тулд болой.

15. ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.

16. Та нар өөрсдөө завхарч, өөрсдөдөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,

17. газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу,

18. газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй.

19. Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.

20. Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.

21. ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.

22. Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.

23. Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.

Дэд Хууль 4