Дэд Хууль 31:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв.

7. Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд—Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.

8. Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.

9. Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилч нар болон Израилийн бүх ахмадуудад өгөв.

10. Мосе тэдэнд тушаан хэлсэн нь—Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан Баярын үеэр,

11. ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.

12. Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго.

13. Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ түүнийг сонсгож, ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг сурга гэв.

14. Тэгээд ЭЗЭН Мосед хандан—Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.

15. ЭЗЭН үүлэн багана дотор, майханд үзэгджээ. Үүлэн багана нь майхны аманд байв.

16. ЭЗЭН Мосед хандаж—Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.

Дэд Хууль 31