Дэд Хууль 28:27-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.

28. ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.

29. Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.

30. Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.

31. Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.

32. Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.

33. Газрын чинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.

34. Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.

35. ЭЗЭН өвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй.

36. ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.

37. ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.

38. Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.

39. Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.

40. Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байх боловч жимс нь унаснаас болоод, тосоор нь биеэ тосолж чадахгүй.

41. Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.

42. Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ.

43. Та нарын дунд байгаа харийн хүн чамаас дээшилж, улам улам дэвшин, чи улам улам буурна.

44. Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.

45. Чи ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаж, Түүний чамд тушаасан зарлиг тушаалыг сахиагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.

Дэд Хууль 28