27. ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.
28. ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.
29. Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
30. Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.
31. Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
32. Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.
33. Газрын чинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.
34. Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.
35. ЭЗЭН өвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй.
36. ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.
37. ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.
38. Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.
39. Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.