33. Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.
34. Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа
35. “Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй.
36. Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийг бүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө” гэв.
37. ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй.
38. Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун.
39. Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ.
40. Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө” гэсэн.
41. Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан.
42. ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий» гэж тэдэнд хэл” хэмээсэн.
43. Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ.