Даниел 7:8-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Би тэдгээр эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй бөгөөд ихээр бардамнан ярих амтай болов.

9. Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж,Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав.Түүний хувцас цас шиг цагаан,Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв.Түүний сэнтий галын дөл шиг,дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.

10. Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав.Үй түмээрээ Түүнд үйлчилж,Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа.Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв.

11. Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, түүний бие нь устгагдан, дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа.

12. Үлдсэн араатнуудын хувьд гэвэл тэдний эрх мэдэл булаагдсан боловч товлосон цаг иртэл тэдний амь хэлтрэв.

13. Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд,Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж,Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав.

14. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж,Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв.Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй.Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм.

15. Харин Даниел би сэтгэл дотроо шаналж, миний оюун бодол доторх үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.

16. Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.

17. “Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм.

18. Харин Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.

19. Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгилж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүссэн.

20. Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь анхныхаас гурван эвэр унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ.

21. Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан бөгөөд

22. Эртний Нэгэн ирж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм.

23. Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан бол газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран, бүх дэлхийг залгиж, талхалж, эвдэх болно.

24. Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.

Даниел 7