20. Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, дэлхийн зах хязгаар хүртэл харагдахаар том болсон бөгөөд
21. навчис нь сайхан, үр жимс нь элбэг бөгөөд бүх хүмүүст хүрэлцэхээр идээ болдог, хээрийн араатнууд сүүдэр доор нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол
22. хаан минь, та өөрөө мөн. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, таны сүр жавхлан тэнгэрт тулж, таны эрх мэдэл дэлхийн хязгаарт хүрсэн.
23. Хааны харсан ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж ирээд, «Модыг цавчиж, устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсний дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээрийн араатнуудтай хамт долоон цаг үеийг өнгөртөл байг» гэж хэлсэн.
24. Хаан минь, тайлал ийм байна. Миний эзэн хаанд ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ.
25. Та хүмүүсээс хөөгдөж, таны орших газар хээрийн араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг та ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөнө.
26. Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн зарлиг үүнтэй холбоотой бөгөөд захирдаг нь Тэнгэр гэдгийг та ухаарсны дараа таны хаанчлал бат тогтох болно.
27. Тиймээс хаан минь, миний зөвлөгөө танд таалагдах болтугай. Зөв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй” гэв.
28. Энэ бүх хэрэг Небухаднезар хаанд биелэв.
29. Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр зугаалж байлаа.
30. Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.