Даниел 2:27-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Даниел хааны өмнө хариулан,—Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.

28. Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой.

29. Хаан минь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна.

30. Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.

31. Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.

32. Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр,

33. шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө.

34. Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.

35. Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.

36. Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье.

37. Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.

38. Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.

39. Танаас хойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна.

40. Дараа нь төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно.

41. Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.

Даниел 2