8. Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.
9. Хададезерын хамаг цэргийг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод,
10. Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.
11. Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав.
12. Тэдгээр нь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.
13. Давид Давст Хөндийд арван найман мянган сиричүүдийг алсан тулаанаас буцахдаа өөрийн нэрийг дуурсгав.
14. Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
15. Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.
16. Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,
17. Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч,
18. Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.