2 Самуел 3:24-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэгэхэд Иоаб хаанд бараалхан—Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.

25. Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

26. Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.

27. Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.

28. Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод—Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

29. Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

30. Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.

31. Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад—Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.

32. Ингээд тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшин дээр чангаар уйлж, хамаг ардууд ч уйлалдав.

33. Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,—Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу?

34. Чиний гар хүлэгдээгүй,чиний хөл ч дөнгөлөгдөөгүй байсан.Муу явдалтны өмнө унахын адил чи унавгэв. Хамаг ардууд түүний төлөө дахин гашуудан уйлалдав.

35. Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж,—Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.

36. Хамаг ардууд үүнийг ажиглахад хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв.

37. Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ардууд болон бүх Израиль тэр өдөр мэдэцгээлээ.

38. Дараа нь хаан зарц нартаа—Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?

39. Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.

2 Самуел 3