2 Самуел 3:2-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хөвгүүн нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон юм.

3. Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм.

4. Дөрөв дэх хөвгүүн нь Хаггитын хөвгүүн Адониа, тав дахь хөвгүүн нь Абиталын хөвгүүн Шефатиа,

5. зургаа дахь хөвгүүн нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн юм.

6. Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт өөрийгөө улам батжуулж байв.

7. Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд Аиагийн охин байв. Иш-бошет Абнерт—Чи яагаад эцгийн минь татвар эм уруу ороод байна? гэв.

8. Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж,—Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна.

9. ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай.

10. Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв.

11. Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа.

12. Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж,—Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг тан уруу авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

13. Давид—Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.

14. Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн,—Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.

15. Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр болох Лаишийн хөвгүүн Палтиелаас буцааж авав.

16. Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж, Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд—Яв, буцагтун гэсэнд тэр буцав.

17. Абнер Израилийн ахлагчидтай зөвлөлдөн,—Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байсан.

18. Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа “Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна” гэж айлдсан билээ гэв.

19. Абнер бас Бениаминыг сонсож байхад ярив. Үүний хажуугаар Хебронд буй Давидын сонсголд Израиль болон Бениамины хамаг гэрийн хувьд сайн сайхан бүх зүйлсийг дуулгахаар явлаа.

2 Самуел 3