2 Самуел 2:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.

20. Абнер эргэн хараад,—Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр—Тийм ээ, би байна гэж хариулав.

21. Ийнхүү Абнер түүнд—Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй.

22. Абнер дахин Асахелд—Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл би яаж чиний ах Иоаб уруу харж чадах юм бэ? гэв.

23. Гэвч Асахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв.

24. Харин Иоаб болон Абишаи Абнерын араас хөөв. Нар жаргаж байхад тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын наана орших Аммагийн даваанд ирцгээв.

25. Бениамины хөвгүүд Абнерын ард цугларан, нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов.

26. Дараа нь Абнер Иоабыг дуудан—Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв.

27. Иоаб—Бурханы амьд буйгаар тангараглая, хэрэв чи хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа хөөхөө зогсоохгүй байх байсан шүү гэв.

28. Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд бүх хүмүүс зогсон, Израилийн араас хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив.

29. Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабагаар дамжин өнгөрөөд, Иорданыг гатлан, өглөөний турш алхсаар Маханаимд ирлээ.

30. Тэгэхэд Иоаб Абнерыг хөөхөө болив. Түүнийг бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байв.

31. Харин Давидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохисонд гурван зуун жаран хүнийг алсан байв.

2 Самуел 2