2 Самуел 13:7-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж,—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв.

8. Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв.

9. Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон—Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.

10. Дараа нь Амнон Тамарт—Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив.

11. Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч,—Дүү минь, надтай унт гэв.

12. Харин Тамар—Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч!

13. Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.

14. Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.

15. Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд—Босоод, зайл! гэв.

16. Харин Тамар түүнд—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй.

17. Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,—Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав.

18. Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив.

19. Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.

20. Түүний ах Абсалом түүнд—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.

2 Самуел 13