13. Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.
14. Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.
15. Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд—Босоод, зайл! гэв.
16. Харин Тамар түүнд—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй.
17. Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,—Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав.
18. Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив.
19. Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.
20. Түүний ах Абсалом түүнд—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.
21. Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв.
22. Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.
23. Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив.
24. Абсалом хаанд бараалхан,—Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан өөрийн зарц нарын хамт зарц надтай хамт яваач гэв.
25. Гэвч хаан Абсаломд—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв.