1. Түүний дараа ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт бүсгүй дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.
2. Амнон дүү бүсгүй Тамараас болж маш их бачимдсаны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд Амнон түүнд ямар нэг юм хийнэ гэхэд хэцүү санагдаж байв.
3. Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв.
4. Тэр Амнонд—Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд—Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.
5. Тэгэхэд Ионадаб түүнд—Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна” гэж хэл гэв.
6. Ийнхүү Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд—Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрч өгөөч гэв.
7. Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж,—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв.
8. Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв.
9. Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон—Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.
10. Дараа нь Амнон Тамарт—Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив.
11. Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч,—Дүү минь, надтай унт гэв.
12. Харин Тамар—Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч!
13. Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.
14. Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.
15. Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд—Босоод, зайл! гэв.
16. Харин Тамар түүнд—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй.
17. Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,—Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав.