2 Самуел 12:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.

21. Тэгтэл зарц нар нь—Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв.

22. Давид—Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад” хэмээн санасны учир юм.

23. Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.

24. Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд

25. эш үзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ.

26. Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав.

27. Иоаб Давидад элч нарыг илгээн—Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав.

28. Тийм учраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв.

29. Иймээс Давид бүх цэргээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав.

30. Тэгээд тэдний хааны титмийг толгойноос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав.

31. Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.

2 Самуел 12