10. Хүмүүс Давидад—Уриа гэртээ хариагүй гэж хэлэхэд, тэр Уриад—Чи аян замаас ирээгүй гэж үү? Юунд чи гэртээ харьсангүй вэ? гэв.
11. Уриа Давидад—Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буйгаар бас таны сүнсний амьд буйгаар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв.
12. Иймд Давид Уриад—Өнөөдөр ч мөн энд байгтун. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв.
13. Давид түүнийг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоов. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.
14. Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээв.
15. Тэр захидалдаа бичихдээ—Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.
16. Ийнхүү Иоаб хотыг ажиглан, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив.
17. Хотын хүмүүс гарч ирэн, Иоабын эсрэг тулалдахад, Давидын зарц нарын дундаас зарим нь алагдсан бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв.
18. Тэгээд Иоаб хүн илгээн, тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгдэв.
19. Тэр элчид тушааж,—Тулалдааны бүх үйл явдлыг хаанд хэлж дуусахад,
20. хэрэв хаан хилэгнэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм ойрхон очив? Хэрмэн дээрээс тэд харваж болно гэдгийг та нар мэддэггүй юм уу?
21. Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?” хэмээн чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.
22. Ингээд элч мордон, Давидад очиж, Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв.
23. Элч Давидад—Дайснууд бидний эсрэг давуу хүчээр байлдан, биднийг довтлон хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг хаалганы үүд хүртэл шахав.