2 Коринт 7:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Та нарыг гашуудуулсандаа бус, харин гэмштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлаж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсахгүйн тулд та нар Бурханы хүслийн дагуу гашуудсан юм.

10. Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.

11. Энэхүү бурханлаг гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа.

12. Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх та нарын хичээл зүтгэлийг Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт хандаж бичсэн юм шүү.

13. Тийм учраас бид тайвширсан.Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв.

14. Хэрэв би түүнд та нарыг ямар нэгэн байдлаар магтсан байлаа ч би ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн бидний сайрхал Титийн өмнө үнэн болов.

15. Та нар айж, дагжин байж түүнийг хүлээн авсан болон та бүгдийн дуулгавартай байдлыг тэр санахдаа зүрх нь улам бүр та нар уруу ханддаг.

16. Ямар ч юманд та нарт найддагтаа би баярладаг.

2 Коринт 7